Thursday, December 16, 2010

дүрслэх урлагийн музей

Музей

Дүрслэх урлагийн музей

Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн товч түүх
Ардын зураач, Урлахуй ухааны доктор Н.Цүлтэмийн санаачлага, Соёлын Яамны сайд Болдын дэмжлэгийг үндэслэн, Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 3 сарын 31-д Дүрслэх Урлагийн Музей байгуулах тухай 87-р тогтоол гаргаж, 1966 оны 7 сарын 23-д анхны үзэгчдээ хүлээн авсанаар музей нээгдсэн түүхтэй аж.

Эл музей анх 26 орон тоотой, 50,000 төгрөгний жилийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Музей анх нэгдүгээр давхартаа орчин үеийн 250, дээд давхартаа эртний урлагийн 100 үзмэр бүтээлтэйгээр нээгдэж, жилдээ 30 гаруй мянган үзэгчдэд урлагийн бүтээлийг сонирхуулан үзүүлж, үйлчилж байсан бол сан хөмрөгийн нэгж үзмэрийн тоо жилээс жилд баяжигдсаар 2000 онд улсын тооллогоор 5 төрөлжсөн сан хөмрөгт 12800 гаруй үзмэртэй болтлоо өсчээ.

Музейн сан хөмрөгт Палеолитын үеэс (МЭӨ 10,000-40,000жил) ХХ зууны эхэн үе хүртэлх Монгол нутагт амьдарч байсан улс үндэстний үе үеийн авъяас чадвараа гайхуулсан, зураач урчуудын билиг ухаанаа хурцалж, мутар оюунаа чилээж, ур бяраа илтгэн байж бүтээсэн дахин давтагдашгүй үзмэр бүтээлүүд хадгалагдаж байгаагийн дотор хүрэл зэвсгийн үеийн (МЭӨ 2000-700 жил) янгирын толгойн чимэгтэй цул цутгамал илд, Хүннүгийн (МӨЭ III- МЭ I зуун) шавар ваар, Турфаны (МЭ VIII-МЭ IX зуун) алдарт ханы зургуудын хуулбар, Өндөр Гэгээн Занабазарын гайхамшигт цутгамал Цагаан Дар эх, Язгуурын бурхадууд, XIX, XX зууны нэрт бурханч зураачдын бүтээсэн шороон ба эрдэнийн шүтээн бурхадын хөргүүд, цаасан шуумал болон 7000-11000 гаруй шүр шигтгэн урласан цамын баг, товгор зээгт наамал цамын өмсгөлүүд, алдар дархан Ерэнтэй, Чавганц, Балдан-Осор, зураач Б.Шарав, Ц.Жамба зэрэг олон уран бүтээлчдийн туурвисан бүтээлүүд музейн үзүүллэгийн танхимд хүндтэй байрыг зохих ёсоор эзэлдэг.

Дүрслэх Урлагийн Музейн үзмэр, сан хөмрөгт гол зонхилох байр суурийг эзэлж байсан орчин үеийн зураач, уран бүтээлчдийн бүтээлүүдийг 1989 онд “Уран зургийн галерей” нэртэйгээр, 1991 онд Монголын “Театрын музей” тус байгууллагаас туурга тусгаарлан салгасан нь одоо хоёулаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2005 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд Засгийн Газрын тогтоолоор Түүх Соёлын Хосгүй Үнэт 60 бүтээл батлагдсан байна. Үүнээс гадна 1995 онд Их Соён Гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойгоор тус музейг түүний нэрэмжит болгосон.

1990 оноос өмнө тус урлагийн музей монголын бусад музей нэгэн адил үйл ажиллагааг 5 жилийн төлөвлөгөөтэйгөөр ажлын удирдамж хийн, жил бүр социалист уралдаанаар төлөвлөсөн ажлаа дүгнэн, үзэсгэлэнгийн танхимдаа зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг сонирхуулах, орон нутаг, үйлдвэр, албан газрууд, ерөнхий боловсролын сургуулиуд, их, дээд, дунд сургуулиудаар явж, урлагийн өргөн сэдвийг хамарсан лекц, яриа хийн, явуулын үзэсгэлэнг гаргах, социалист орны хэвлэл, улсын чанартай хэвлэлд төрөл бүрийн үзэсгэлэн ба уран бүтээлчид болон тэдний уран бүтээл, музейн үзмэрийг таниулах, сурталчлах ажлыг явуулж байжээ.

1994 онд Франц Улсын Нийслэл Парисын “Гимэй”-н музейд “МОНГОЛЫН ЭРДЭНЭС” хэмээх үзэсгэлэнг гаргасан нь соёлт хүн төрөлхтөний билгийн мэлмийд өнгөрсөн зууны гайхамшигт бурханч, зураач, ардын урчуудын сонгодог бүтээлүүдийг дэлгэн толилуулсан нь ихээхэн шуугиан дэгдээж, дэлхийн урлагийн түүхийн аугаа дэвжээн дээр анх удаа XVII зууны Монголын алдарт уран барималч, Соён гэгээрүүлэгч, шашин, төрийн тэргүүн, Өндөр гэгээн, Чингис хааны алтан ургийн удам Занабазарын уран бүтээлүүүд зохих байр сууриа эзэлж, үүнтэй уялдан тал нутгийн авъяаслаг ард түмний нэр төрийг дээлүүлэн дуурсгасан билээ.

Энэ дуулиант үйл явдлаас үүдэн дэлхийн олон нэр хүнд бүхий орнуудаас “Монголын Эрдэнэс” үзэсгэлэнг гаргах хүсэлт, захиалга ирүүлснээс хойш, АНУ, Нидерланд, Солонгос, Япон, Хятад, Герман зэрэг орнуудад үзэсгэлэнгээ гаргалаа. Эдгээр үзэсгэлэнгийн үр дүнд Монголчууд бидний дунд дээдлэгдэн бахархаж байдаг шүтээн бурхадын хөргүүд, ардын зан заншилуудын дээжис чимэглэх урлагийн бүтээлүүд дэлхийн хүн зонд танилцуулах өргөн боломжийг урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлээр дамжуулан нээж өгсөн нь туйлын ач холбогдолтой билээ.

Музейн цагийн хуваарь:
Зуны цагийн хуваарь: Даваа - Ням 9:00 - 18:00
Өвөл цагийн хуваарь: Даваа - Баасан 10:00 -17:00   Бямба,Ням Амарна

No comments:

Post a Comment